Thursday, October 8, 2009

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний

нөөц (цаашид “Нөөц” гэх)-д бүртгэх, нөөцийн сан бүрдүүлэх, нөөцийн сангаас албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү журмын зорилго нь төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан хүний нөөцөөр нөхөн хангах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. Нөөцийн талаарх мэдээлэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн бүрэлдэхүүн хэсэг байна.

1.4. Төрийн албаны төв байгууллага нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний улсын хэмжээний нөөцийн санг эрхэлнэ.

1.5. Төрийн албаны зөвлөл нь яам, агентлаг, төр, засгийн удирдах дээд байгууллагуудын болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын ажлын алба (цаашид “Төрийн төв байгууллагууд” гэх), аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх) нь өөрийн харъяалах нутгийн захиргааны байгууллагуудын нөөцийн санг тус тусын харъяаллын дагуу эрхэлнэ.

Хоёр. Нөөцийн сангийн бүтэц, бүрэлдэхүүн

2.1. Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

2.1.1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний

нөөц;

2.1.2. төрийн төв байгууллагуудын болон нутгийн захиргааны байгууллагын санал,

захиалгыг харгалзан тусгайлан зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны эргэшлийн шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц;

2.1.3. төрийн албаны ангилал нь өөрчлөгдсөний улмаас тухайн байгууллагын албан тушаалын ангилал нь төрийн жинхэнэ албан тушаал болж өөрчлөгдсөнтэй холбогдон зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц;

2.1.4. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11-д заасны дагуу төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц.

2.2. Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх

бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

2.2.1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, цэргийн жинхэнэ алба хаах болсон зэрэг мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц;

2.2.2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн

жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон зэрэг мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц;

2.2.3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч, төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц;

2.2.4. нөхөр (эхнэр) нь эрх бүхий байгууллагын томилолтоор өөр нутаг дэвсгэрийн

нэгжид, мөн гадаад улс, олон улсын байгууллагад шилжин ажиллах болсон, эсхүл

хүнд өвчтэй гэр бүлийн аль нэг гишүүнээ асрах зайлшгүй шаардлагын улмаас Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасны дагуу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц.

Гурав. Нөөцийн сангийн бүрдүүлэлт, хөдөлгөөн

3.1. Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь энэхүү журмын

1.4-т заасан харьяаллаар мөн журмын 2.1.1-2.1.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлийг 1 дүгээр хавсралтаар, 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл болон мөн журмын 2.2.1-2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлийг 2 дугаар хавсралтаар тус тус бүртгэн нөөцийн санг бүрдүүлж, нөөцийн сангийн хөдөлгөөнийг дор дурдсан байдлаар гүйцэтгэнэ:

3.1.1. сангийн бүрэлдэхүүн хэсэг бүрээр нөөцийг тухай бүр бүртгэж хадгална;

3.1.2. Салбар зөвлөл нь нөөцийн сангийн хагас жилийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний

тайланг жил бүрийн 7 дугаар сарын 10-ны дотор, бүтэн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор энэхүү журмын 1 ба 2 дугаар хавсралтын дагуу гаргаж, зохих тайлбарын хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ.

3.1.3. Салбар зөвлөл нь нөөцөд шинээр бүртгэсэн төрийн жинхэнэ албан тушаалд

анх орох иргэний тухай мэдээллийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу гарган нөөцөд бүртгэх шийдвэр гаргаснаас хойш 10 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ;

3.1.4. Төрийн албаны зөвлөл нь салбар зөвлөлөөс нөөцийн сангийн бүртгэл, нөөцийн бүрэлдэхүүн, хөдөлгөөнтэй холбоотой мэдээ, мэдээлэл авч болно.

3.1.5. Төрийн албаны зөвлөлийн "Нөөцийн сан" хариуцсан ажилтан болон салбар

зөвлөлийн Нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлж буй ажилтан нөөцийн сангийн бүртгэл, бүрэлдэхүүн, хөдөлгөөнийг эрхлэн гүйцэтгэнэ.

3.1.6. нөөцийн сангийн үйл ажиллагаанд Төрийн албаны мэргэшлийн шалгалтын

төв комиссын дарга, нарийн бичгийн дарга, Салбар зөвлөлийн дарга нар өдөр тутмын хяналт тавьж, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллана.

3.2. Энэхүү журмын 2.1-д заасан нөөцийн бүртгэлд байгаа иргэнийг дор дурдсан

тохиолдолд нөөцөөс хасч, нөөцийн бүртгэлд тухай бүр тэмдэглэнэ:

3.2.1. төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад тэнцсэн тухайн иргэнийг нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон;

3.2.2. нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;

3.2.3. тэтгэвэр тогтоолгон төрийн албанаас чөлөөлөгдсөн;

3.2.4. нөөцийн жагсаалтаас хасуулахаар өөрөө хүсэлт гаргасан;

3.2.5. нас барсан болон бусад шалтгаанаар нөөцөд байлгах шаардлагагүй болсон.

3.3. Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь:

3.3.1. энэхүү журмын 2.1.1, 2.1.2 болон 2.1.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэх тухай төрийн албаны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш;

3.3.2. энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа,

түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан

тушаал эрхэлж байсан албан хаагчаас Төрийн албаны зөвлөлд хандан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд орох тухай гаргасан хүсэлтийг нь

төрийн албаны төв байгууллага хүлээн авч шийдвэр гаргасан өдрөөс хойш;

3.3.3. энэхүү журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3 болон 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн тухай томилох эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш тус тус ажлын 3 хоногт багтаан нөөцийн бүртгэлд тэмдэглэл хийнэ.

3.4. Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь нөөцөөс хассан

иргэдийн бүртгэлийг тусад нь үйлдэж, архивт шилжүүлж байна.

3.5. Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь нөөцийн бүртгэлийг төрийн төв байгууллагуудын болон нутгийн захиргааны байгууллагаар, төрийн жинхэнэ албаны албан тушаалын ангилал, зэрэглэл, мэргэжлийн чиглэл бүрээр төрөлжүүлэн нөөцийн санд оруулна. Энэхүү сангийн бүтэц, бүрэлдэхүүнийг цахим мэдээллийн технологийг ашиглан нөөцийн бүртгэлд байгаа иргэдийг боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын туршлага, ур чадвар, тухайлбал, гадаад хэлний мэдлэгийн түвшин зэрэг, тэрчлэн нас, хүйсээр нь бүлэглэн харуулах боломжтой байхаар үйлдэнэ.

3.6. Төрийн төв байгууллагуудын нөөцийн жагсаалтыг Төрийн албаны зөвлөлийн нөөцийн санд, нутгийн захиргааны байгууллагынхыг аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн нөөцийн санд, төрийн тусгай албаны нөөцийн жагсаалтыг тус тусын салбар зөвлөлийн нөөцийн санд хадгална.

3.7.Төрийн албаны зөвлөлийн баталсан төрийн тусгай албаны мэргэшлийн шалгалт авах журмын дагуу мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэдийн нөөцийн жагсаалтыг Төрийн албаны зөвлөлийн нөөцийн мэдээллийн санд нэгэн адил хадгална. Тухайн төрийн тусгай албаны нөөцийн жагсаалт нь холбогдох хууль тогтоомжоор нууцлах шаардлагатай тохиолдолд энэхүү нөөцийн санг Төрийн албаны зөвлөлийн нууцын асуудал хариуцсан албан хаагч эрхэлнэ.

Дөрөв. Нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа

4.1. Энэхүү журмын 2.1.1, 2.1.2 болон 2.1.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

4.2. Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2. 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй.

4.3. Холбогдох Зөвлөлийн нөөцийн асуудал хариуцсан ажилтан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн болон нөөцийн бүртгэлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан талаар тухайн иргэнд холбоо барих хаяг (утас, факсын дугаар, e-mail )-аар нь, шаардлагатай тохиолдолд албан бичгээр мэдээлнэ.

Тав. Нөөцийн санд хандаж захиалга ирүүлэх

5.1. Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэн нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа энэхүү журмын 1.4-т заасан харъяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлнэ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн байна.

5.2. Төрийн байгууллага дор дурдсан нөхцөл байдал үүссэн үед нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа холбогдох Зөвлөлд ирүүлнэ:

5.2.1. холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, халсан;

5.2.2. эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн сул орон тоо шинээр гарсан;

5.2.3. тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нас барсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаан.

5.3. Захиалга нь дор дурдсан материалаас бүрдэнэ:

5.3.1. төрийн албаны төв байгууллагаас баталсан зааврын дагуу үйлдэгдэж, албан ёсоор баталгаажсан Ажлын байрны тодорхойлолт;

5.3.2. тухайн ажлын байр (албан тушаал)-ны сул орон тоо гарсныг нотлох шийдвэр ( уг албан тушаалд ажиллаж байсан ажилтныг чөлөөлсөн, халсан тухай томилох эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр, эсхүл шинээр орон тоо бий болсон

тухай эрх бүхий этгээдийн шийдвэр );

5.3.3. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалга өгөх тухай томилох эрх бүхий этгээдийн албан бичиг;

5.3.4. энэхүү журмын 5.1-д заасны дагуу албан тушаалын сул орон тооны талаар

нийтэд мэдээлсэн тухай баримт.

5.4. Энэхүү журмын 5.3.1-д заасан Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан тухайн албан тушаалд тавигдах шаардлагууд нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас тогтоосон тусгай шаардлагад нийцсэн байна. Хэрэв томилох эрх бүхий этгээд энэхүү тусгай

шаардлагыг хангахгүй Ажлын байрны тодорхойлолт ирүүлсэн тохиолдолд холбогдох Зөвлөл уг захиалгыг хүлээж авахгүй бөгөөд энэ тухай үндэслэл, тайлбараа томилох эрх бүхий этгээдэд нь хүргүүлнэ.

Зургаа. Нөөцөөс нэр дэвшүүлэх

6.1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15-д заасны дагуу төрийн албаны төв байгууллага нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна.

6.2.Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь тус тусын харьяаллын дагуу дараахь хэлбэрээр нөөцийн сангаас нэр дэвшүүлнэ:

6.2.1. Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаараа хэлэлцэн сонгож, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх;

6.2.2. энэхүү журмын 2.1.1-2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох

иргэний нөөцийн бүртгэлд байгаа болон мөн журмын 2.2.1-2.2.4-т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаар хэлэлцэн сонгож, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх;

6.2.3. энэхүү журмын 2.1.1-2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа болон мөн журмын 2.2.1-2.2.4-т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэдийн мөн журмын 1 буюу 2 дугаар хавсралтын дагуу гаргасан судалгааг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Хэрэв томилох эрх бүхий этгээд энэхүү судалгаанд орсон иргэдээс хэн нэгийг нь сонгон тухайн албан тушаалд томилох боломжтой гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа төрийн албаны төв байгууллага болон салбар зөвлөлд ирүүлэх бөгөөд холбогдох Зөвлөл тус тусын хуралдаанаараа хэлэлцэж, түүнийг нэр дэвшүүлэх, эсхүл дээрх судалгаанд орсон иргэний аль нэгийг нэр дэвшүүлэх тухай шийдвэр гаргах;

6.2.4. энэхүү журмын 6.2.2 болон 6.2.3-т заасны дагуу иргэнийг нэр дэвшүүлэхдээ мөн журмын 2.1, 2.2-т заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн нөөцийг авч үзэх бөгөөд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг гол шалгуур болгохын зэрэгцээ мэргэшлээ дээшлүүлсэн байдал, өмнө нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан туршлага, тухайн төрийн байгууллагын захиалгаар мэргэжил эзэмшсэн байдал, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дараалал зэргийг харгалзана.

6.2.5. иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай холбогдох Зөвлөлийн шийдвэр гармагц уг шийдвэр, “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын хуудас”-ыг тухайн байгууллагад албан ёсоор шилжүүлэх;

6.2.6. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан ёсоор тухайн иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай томилох эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг албан бичгийн хамт авах.

6.3.Нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллаж болно. Хэрэв Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нөөцөд байгаа иргэн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албаны албан тушаалын зэрэглэлээсээ дээшхи зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно.

6.4.Төрийн тусгай албан тушаалын ангиллаас төрийн захиргааны албан тушаалын, төрийн захиргааны албан тушаалын ангиллаас төрийн тусгай албан тушаалын ангилалд тус тус шилжүүлэн нэр дэвшүүлэхэд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг гол шалгуур болгохын зэрэгцээ эдгээр хоёр албан тушаалын ангиллын адилтгах зэрэглэлийг баримтална.

6.5.Тухайн салбар зөвлөл нь өөрийн нөөцийн сангаас нэр дэвшүүлэх боломжгүй бол Төрийн албаны зөвлөлийн болон бусад салбар зөвлөлийн нөөцөөс нэр дэвшигчийг сонгож болно.

Долоо. Нөөцийн сангийн мэдээллээр үйлчлэх

7.1. Салбар зөвлөлийн дарга, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан албан ёсоор хүсэлт гаргасан тохиолдолд нөөцийн сангийн сонирхсон мэдээлэлтэйгээ шууд танилцаж болох бөгөөд хувь хүний нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл өгч болно.

7.2.Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссын дарга болон салбар зөвлөлийн даргын зөвшөөрлөөр төрийн бус байгууллага, иргэнд нөөцийн санд байгаа мэдээллийг төрийн албаны хэрэгцээнд зориулан танилцуулж болох бөгөөд хувь хүний нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл өгч болно.

7.3. Нөөцийн санд бүртгэлтэй иргэн төрийн жинхэнэ албан тушаалын зарлагдсан сул орон тоонд ажиллах хүсэлтээ холбогдох Зөвлөлд гаргах эрхтэй.

7.4. Энэхүү журмын 7.1 болон 7.2-т заасны дагуу нөөцийн сангийн мэдээллээр үйлчилсэн тухай бүртгэлийг нөөцийн сангийн асуудал хариуцсан ажилтан эрхэлнэ.

No comments: