Thursday, October 8, 2009

Байгууллагын тухай тодорхойлолт

Байгууллагын тухай олон эрдэмтдийн тодорхойлсон тодорхойлолтууд байдаг боловч бүгд нэг ижил санааг янз бүрийн талаас нь харж тайлбарласан байдаг. Байгууллага нь хүмүүсийн бүлэглэлээс ялгагдах хэд хэдэн шинжийг өөртөө агуулж байдаг. Тухайлбал байгууллагын өмнө тавигддаг нийтлэг гурван үндсэн шаардлага байна. Үүнд:

1. Байгууллага нийт гишүүдэд хамаарах өмнөө тавьсан тодорхой зорилготой байх

2. Хоёр буюу түүнээс дээш гишүүн байх

3. Зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэйгээр гишүүд нэгдсэн байх

Эндээс үзвэл байгууллага өмнөө тавьсан тодрхой зорилгод хүрэхийн төлөө үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулж байгаа бүлэг хүмүүс юм.1

Аливаа бүлэг хүмүүс байгууллага биш бөгөөд тэд байгууллага болохын тулд нийтлэг шаардлагуудыг хангасан байх ёстой.

Ерөнхий нийтлэг зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар уялдуулсан бүлэг хүмүүсийг байгууллага гэнэ.2

АНУ-ын судлаач Честар Бернард 1930-аад оны үед “ Албан байгууллага гэдэг нь доод зах нь хоёроос доошгүй хүн нэгдмэл зорилгын төлөө зохион байгуулалттайгаар хамтарч ажиллахыг хэлнэ” гэж тодорхойлсон.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5-р зүйлийн 1-р заалт “Монгол улсын иргэн …өөрсдийн ашиг сонирхлын үүднээс дангаараа буюу хамтран ТББ байгуулах эрхтэй.

Иргэний хуулийн 36-р зүйлийн 2-р заалт “Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгөө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ.

Дээр дурдсан хуулийн заалтаас үзэхэд ганц хүн байгууллага байгуулан ажиллуулж болох боломжтой ажээ. Аливаа байгууллага нь дараах үндсэн шинжүүдийг агуулна. Эдгээрт:

  1. Нийгмийн бие даасан нэгж хэсэг
  2. Зорилгод чиглэсэн
  3. Бүтэц зохион байгуулалтын систем. Орцыг гарц болгон хувиргана.
  4. Гадаад орчинтой холбоотой. (Дафт)

Байгууллагын гол хүч бол хүн юм. Байгууллагын үндсэн хэсэг нь барилга байшин биш, бодлого, дүрэм журам тогтоох биш хүнээс бүтэж байдаг, хүмүүсийн нэг нь нөгөөтэйгээ харилцах харилцаа гол үүргийг гүйцэтгэж байдаг.

Байгууллага гэдэг нь зорилгодоо хүрэх үүднээс нэгдсэн бүлэг хүмүүсийн хамтын үйл ажиллагаа юм. Үйл ажиллагаагаа явуулахын тулд гадаад болон дотоод орчноос нөөцөө бүрдүүлж байдаг.

Тэд зорилгодоо хүрэхийн тулд үр дүнтэй зохион байгуулалтад орж, технологи ашиглаж, даалгаврыг биелүүлж байдаг. Энэ үйл явцад гадаад нөөц орц гарц болон хувирдаг. Эндээс байгууллагыг үйлдвэрлэл явуулж байна гэж үзэж болно.

Байгууллагын хэсгүүдийг үзүүлбэл:

Удирдагч- Манлайлагч, удирдан зохион байгуулагч

Стратеги- зорилгодоо хүрэх арга зам, төлөвлөгөө

Бүтэц- газар, тасаг, хэсэг, хэлтэс, нэгж, салбар

Хүн- мэдлэг чадвар, сэдэл, хүсэл сонирхол, туршлага.

Зохион байгуулалтын хэсэг-хүмүүсийн үйл ажиллагааг хамгийн үр дүнтэй зохион байгуулж байгаа хэлбэр. Эрх мэдлийн харилцаа, шийдвэр гаргалт, үнэлгээ, хүмүүс хоорондын харилцаа, зөрчил, өөрчлөн шинэчлэх үйл явц зэрэг байгууллагын нийгэмд гүйцэтгэх үүрэг асар их. Нийгэмд түгэн дэлгэрч байгаа аливаа шинэ санаа, шинэчлэл бүхэн байгууллагаас үүдэн гардаг. Өнөөдөр байгууллаггүйгээр хэн ч юу ч бүтээж чадахгүй. Гэвч нөгөө талаар нийгэмд хор хохирол учруулдаг байгууллагууд байдаг. Тухайлбал: хар тамхины мафи, эмэгэйчүүд, хүүхдийг хил дамжуулан худалдах зуучлалын алба гм.

No comments: