Thursday, October 8, 2009

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ

1. ОРШИЛ

1.1.Үндэслэл

Монгол Улс макро эдийн засгийг тогтворжуулах, үнийг чөлөөлөх, гадаад худалдааны саад хоригийг арилгах болон эдийн засаг дахь улсын салбарын хэмжээг багасгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж зах зээлийн эдийн засагт шилжих томоохон алхмууд хийгээд байна.

Шилжилтийн эдийн засаг бүхий орнууд дотроос богино хугацаанд шинэтгэл хийсэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн орны хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнд улсын салбарын эзлэх хувийн жин 1993 онд 51.8 хувь байсан бол одоо 25 хувь болж буурав. Гэвч 1990-ээд оны сүүлийн хагаст тохиолдсон экспортын гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ буурсан зэрэг гол төлөв гадаад хүчин зүйлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал нь гүйцэтгэлд чиглэсэн улсын салбарын хөгжлийг түргэсгэн дэмжихүйц бүтцийн болон институцийн шинэтгэл хийх шаардлагатайг тодорхой харуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар иргэдэд төрийн суурь үйлчилгээг үзүүлэх чадавхиа хадгалан бэхжүүлж, үр нөлөө бүхий хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихүйц эрх зүйн болон зохицуулалтын орчинг бий болгохыг зорьж байна.

Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратеги нь зөвхөн ажилгүйдлийг бууруулаад зогсохгүй, улсын салбарын менежментийн шинэтгэл, төрийн суурь үйлчилгээг иргэдэд үр нөлөөтэй хүргэх, нийлүүлэлтийг нь сайжруулахад чиглэж байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг нэн чухал чиглэлээр үзүүлдэг үйлчилгээг дорвитой сайжруулах шаардлага байгааг энэхүү стратегийн баримт бичигт онцлон тэмдэглэсэн болно.

2003 оноос хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль нь төрийн албаны шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэхэд нэг чухал алхам болсон. Энэхүү хууль нь төсвийн сахилгыг хангах шинэ механизм, түүнчлэн хариуцлага хүлээх, санхүү, төсвийн удирдлагыг сайжруулахад чиглэсэн, гарц (бүтээгдэхүүн)-д суурилсан гэрээний шинэ тогтолцоог бий болгож байна. Үүний зэрэгцээ мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Өөрчлөгдөн хөгжиж байгаа төрийн үүрэг, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, төрийн үйлчилгээг хүргэх хэрэгцээ, санхүү, төсвийн бодит байдалд төрийн албаны хэмжээ, өртөг зардал болон олон талт ур чадварыг тасралтгүй нийцүүлж байх шаардлагатай байна. Иймд төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичигт төрийн албаны өнөөгийн байдалд үнэлгээ өгч, төрийн албаны үр нөлөөтэй үйл ажиллагаа, хариуцлага хүлээх чадавхийг нь бэхжүүлэх талаар тодорхой санал, зөвлөмжийг тусгасан болно.

1.2.Төрийн албаны шинэтгэлийн хүчин зүйлс

Монгол Улсад төрийн албаны шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэхэд дор дурдсан гадаад хүчин зүйлс нөлөөлж байна:

1990-ээд оны эхнээс дэлхийн социалист систем задран унаж, урьд өмнө хэдэн арван жилийн туршид хамтран ажиллаж байсан орнуудын төрийн захиргаанд гүн гүнзгий өөрчлөлт гарсан;

Зөвхөн шилжилтийн үед байгаа төдийгүй ихэнх хөгжингүй орон төрийн захиргааны шинэ загварыг боловсруулан хэрэгжүүлж байгаа;

Хандивлагч орон, олон улсын байгууллагын хөтөлбөр, тэр дундаа техникийн туслалцаа, зээлийн нөхцөл нь төрийн захиргааны шинэтгэлийг чухалчлах болсон.

Монгол Улсад төрийн албаны шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэхэд дор дурдсан дотоод хүчин зүйлс нөлөөлж байна:

Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт нь төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн үүргийг олон чиглэлээр өөрчлөхөд хүргэж байгаа;

Байгаа нөөцийг туйлын хэрэгцээтэй бөгөөд үр нөлөөтэй чиглэлээр ашиглах, тухайлбал, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үндсэн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратеги хэрэгжиж эхэлсэн;

Өргөн утгаар нь авч үзвэл төрийн эдгээр үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд төрийн албаны гүйцэтгэлийг сайжруулах хүсэл эрмэлзэл, тэр дундаа нэн ядуу болон эмзэг бүлгийнхэнд үзүүлэх төрийн нэн чухал үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байгаа;

2000 оноос хойш төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн, түүнчлэн нийт төрийн албаны хэмжээнд цалин хөлсийг удаа дараа нэмэгдүүлсэн зэрэг нь төсөвт ихээхэн дарамт үзүүлж, улмаар төсвийн хөрөнгийг тэргүүлэх чиглэлийн үйлчилгээ (ялангуяа эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахтай холбоотой) үзүүлэх болон хүмүүсийг шаардлагатай албан тушаалд томилох, тогтвор суурьшилтай ажиллуулах, урамшуулах, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хүндрэл учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн явдал;

Төрийн албаны бүтцийг цаашид боловсронгуй болгох хэрэгцээ;

Монгол Улс зах зээлийн эдийн засагт бүрэн шилжихтэй холбоотойгоор төрийн албаны олон талт ур чадварыг өнөөгийн шаардлагад нийцүүлэх хэрэгцээ.

Дээр дурдсан хүчин зүйлсийг үндэслэн төрийн албаны шинэтгэлийн зорилтыг дараахь байдлаар тодорхойлж байна:

1. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бий болгохын тулд төрийн албаны хэмжээ, бүтэц, цалин хөлс, урамшуулал, бусад орлогын тогтолцоог Монгол Улсын санхүү, төсвийн бодит байдалд бүрэн нийцүүлэх;

2. Боловсон хүчний нөөцийг ядуурлыг бууруулах зэрэг Засгийн газрын стратегийн тэргүүлэх чиглэлтэй нягт уялдуулан хуваарилах;

3.Засгийн газраас тодорхойлсон бодлогын хүрээнд төрийн чанартай үйлчилгээг үр ашиг, үр нөлөөтэй хүргэхэд шаардлагатай ур чадвар, урам зориг болон институцийн бүтэц, зохион байгуулалтыг төрийн албанд бий болгох.

2. ТӨРИЙН АЛБАНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2.1 Төрийн албаны шинэтгэлийн үе шат

Шилжилтийн орны төрийн албаны шинэтгэл нь улс төрийн болон эдийн засаг, нийгмийн асар их өөрчлөн байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн тусгал юм. Тэдгээр шинэтгэлийн амжилт нь үндсэндээ засаглалын чадавхиас шалтгаалж байгаа учир төрийн захиргаа өөрөө улс төрийн болон эдийн засаг, нийгмийн шинэтгэлийн гол хөтөч нь болж байна.

Орон тоог цөөрүүлэх, өмч хувьчлах, төвлөрлийг сааруулах, татвар, боловсрол, эрүүл мэндийн салбар болон нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоонд шинэтгэлийг хэрэгжүүлэх зэргээр төрийн албаны шинэтгэлийн нэг бус удаагийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ үйл явц одоо хүртэл үргэлжилсээр байна. Санхүү, төсвийн хүндрэлтэй байдал, түүнчлэн хямд өртөг бүхий чанартай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шаардлага нь төрийн албаны шинэтгэлийг дунд болон урт хугацаанд улам гүнзгийрүүлэн эрчимжүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.

Төрийн албаны шинэтгэл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ хугацаанд дор дурдсан үндсэн гурван үе шатыг дамжин хэрэгжиж байна:

Нэгдүгээр үе шат (1990-1993 он) нь Монгол Улсын төрийн байгууллын шинэ бүтэц, тогтолцоог бүрдүүлэх, үүнтэй холбогдсон эрх зүйн болон бодлогын хүрээ заагийг бий болгоход төвлөрч байв. Энэ үе шатны гол алхмуудыг дурдвал:

· нам төвтэй улс төрийн тогтолцоог халж, төр төвтэй улс төрийн тогтолцоог бүрдүүлсэн;

· шинэ Үндсэн хууль (1992 он) батлагдаж, түүнд нийцүүлэн гол гол хуулиудыг батлан гаргасан;

· хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож, үйл ажиллагаагаа эхэлсэн;

· олон намын тогтолцоо бий болсон.

Хоёрдугаар үе шат /1993-2000 он/ нь төрийн бодлого, зорилгуудыг хэрэгжүүлэх чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэхэд чиглэгдсэн. Энэ үе шатны гол алхмуудыг дурдвал:

1.Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон бусад хандивлагч орон, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр нь удирдлагын чадавхийг бий болгохыг чухалчилж байсан хэдий ч Монгол Улсын төрийн захиргааг шинэтгэх анхны иж бүрэн оролдлого байсан. Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гурван чухал үр дүнд хүрсэн. Yүнд: 1) Төрийн хянан шалгах хороо болон Төрийн захиргааны албаны зөвлөлийг шинээр байгуулж шинэ институцийг бий болгосон; 2) Төрийн албаны тухай хуулийг баталж төрийн албаны эрх зүйн орчинг бүрдүүлсэн; 3) удирдлагын чадавхийг бий болгосон.

2.Төрийн албаны тухай хууль нь Монгол Улсын түүхэнд анх удаа төрийн албаны боловсон хүчний бодлого, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлж, төрийн албаны шинэтгэл хийх эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн.

3.Mонгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулан Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор батлан мөрдүүлсэн.

Гуравдугаар үе шат нь 2000 оноос эхэлсэн бөгөөд засаглалын институцийн чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэж байна. Энэхүү үе шатны тэргүүлэх чиглэл нь:

Засаглалын болон институцийн чадавхийг бэхжүүлэх;

Улсын салбарын үр ашиг болон бүтээмжийг дээшлүүлэх;

Төрийн үйлчилгээний үр нөлөө болон чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх явдал юм.

Дээр дурдсан тэргүүлэх чиглэлийг Засгийн газрын “Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөр”-ийн “Зохистой засаглал” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг сайжруулах зэрэг арга хэмжээ авч байна.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг батлан мөрдүүлж байгаа нь энэ үе шатны шинэтгэлийг хэрэгжүүлэх эрх зүйн нэн таатай орчинг бүрдүүлж байна. Уг хуулиар төсвийн байгууллагын ерөнхий менежерт боловсон хүчний асуудлаар шийдвэр гаргах эрхийг шилжүүлэх, иж бүрэн стратеги төлөвлөлт хийх болон Засгийн газрын “худалдан авах” бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэрхэн гүйцэтгэсэн талаар хариуцлага хүлээх зэрэг харилцааг зохицуулж байна. Энэхүү хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль нь төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох, тэдний ажлын үр дүнгийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн.

Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны энэхүү стратеги нь 1990-ээд оноос хэрэгжүүлж ирсэн төрийн албаны шинэтгэлийн нэн чухал гуравдугаар үе шатанд хамаарч байгаа юм.

2.2. Төрийн албаны өнөөгийн байдал

Төрийн албаны зөвлөлөөс 2003 оны 2 дугаар улиралд төрийн албан хаагчтай холбогдолтой мэдээллийг цуглуулах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн дүнгээс үзэхэд 5200 гаруй төсвийн байгууллагад төрийн 124630 албан хаагч, сул орон тоон дээр төрийн албан хаагч биш боловч улирлын гэрээгээр буюу түр хугацаагаар 2684 хүн тус тус ажиллаж байсан байна. Ийнхүү төрийн албанд нийт 127314 хүн ажиллаж байсан нь 2003 оны улсын төсөвт тусгагдсан төрийн 136866 албан хаагчийн орон тоотой харьцуулахад нэлээд доогуур байв.

Эдгээр төсвийн байгууллагаас гадна өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг 15 агентлагт 4085 албан хаагч ажиллаж байсан ба хуульд заасны дагуу агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн албан хаагчийн ангилалд хамаардаг тул тэдгээрийг Монгол Улсын төрийн албан хаагчийн нийт тоонд оруулсан тохиолдолд 2003 оны 4 дүгээр сарын байдлаар төрийн албаны нийт ажиллагчийн тоо 128846 хүрч, энэ нь нийт хүн амын 5.2 хувьтай тэнцэж байв. 1996 оноос хойш төрийн албан хаагчийн тоонд гарсан өөрчлөлт (1990-ээд оны сүүлээр буурсны дараа 20 хувиар нэмэгдсэн)-ийн хандлагыг 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.

2 comments:

Happy said...

сайн уу хэрэгтэй мэдээллүүд байна шүү. энэ бүрэн эхээрээ юм уу? боломжтой бол яахоо ай ди.гээ үлдээгээч

Unknown said...

сайн байна уу энэ мэдээлэл бүрэн эхээрээ байна уу байвал өгж тус болооч... байвал foranche@gmail.com хаягаар явуулж тус болооч