Thursday, October 8, 2009

2000 он. Хүний хөгжлийн илтгэл

“Төрийг шинээр зүглүүлэхүй”

Монгол улс зах зээлийн эдийн засаг, ардчилалд түргэн шилжсэнээр эрх чөлөө болон хүний эрх хэмжээлшгүй нэмэгдсэн. Гэвч нийгмийн үйлчилгээний түвшин санаа зовохуйц хэмжээнд хүртэл доройтож, ерөнхийдөө хүмүүсийн амьдралын баталгаа суларсаар байна.

Төрийн үүрэг бол хүн бүр нийгмийн наад захын үйлчилгээнээс тэгш хүртэж байх бололцоог шийдвэртэй хангаж, нийгмийн үйлчилгээнээс зөвхөн халаасны чинээгээр хүртэж байдаг хандлагыг зогсооход оршино. Нийгмийн наад захын үйлчилгээний хангамжийг сулруулснаар хүний ирээдүйн хөгжил боогдох аюултай юм. Нийгмийн үйлчилгээний зардлыг зарлага гэхээсээ Монголын ард түмний чадавхид оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой. Энэхүү илтгэл нь хувийн санаачлага, бүтээлч сэтгэлгээнд өргөн зам нээсэн, ардчилал болоод оролцоо улам бат бэх шинэ маягийн төрийн тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлж байна.

Амжилттай хөгжиж ирсэн улс орнуудад төр нь өргөн цар хүрээтэй бөгөөд гүнзгий агуулга бүхий үүрэг хүлээж ирсэн байдаг.

Төрийн долоон чиг үүрэг:

  1. Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хамгаалах
  2. Хүний эрхийг хангах
  3. Хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх
  4. Эдийн засгийн өсөлтийг удирдан зохицуулах
  5. Тогтвортой хөгжлийг хангах
  6. Нийгмийн хамгаалалд хамруулах
  7. Ардчилсан ёс, хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих

Өнөө үед Монгол улс төрийн албаныхаа ажлын арга барил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, түүний хариуцлагатай, ил тод, үнэнч шударга ажиллагааг хангах зорилгоор албан хаагчдаа сургаж бэлтгэх шинэ стратегийг боловсруулах хэрэгтэй байна.

No comments: