Thursday, October 8, 2009

2003 он. Хүний хөгжлийн илтгэл:

“Хот хөдөөгийн ялгаатай байдал”

Монгол улс шилжилтийн эхний жилүүдэд бодит орлого буурах, ажилгүйдэл эрс ихсэх, хүний амьжиргааны нөхцөл байдал доройтох зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хэдий ч даван туулж, эдүгээ зах зээл шинээр нээгдэж, хувийн хэвшил хөгжин цэцэглэх боломжтой боллоо. Энэ бүхний хажуугаар бий болсон шинэхэн үзэгдэл нь хот, хөдөөд хүн амын амьдралын чанарт мэдэгдэхүйц ялгаа гаран гүнзгийрэх болсон явдал. Энэ удаагийн Хүний хөгжлийн Үндэсний Илтгэлийн сэдэв хот, хөдөөгийн ялгаатай байдлыг арилгах явдал бол хүний хөгжлийг хурдасгах, Монголын ард түмний өөдрөг, гэрэлт ирээдүйг баталгаажуулах үндэс суурийг тавьж өгөх ач холбогдолтой юм.

Хот хөдөөгийн тэгш бус байдлыг багасгахдаа ядуурлыг бууруулахад чиглэсэн өсөлтийг дэмжих, тэнцвэртэй хөгжлийг хангах, төвлөрлийг сааруулах болон хүний хөгжлийг санхүүжүүлэх гэсэн дөрвөн чиглэлд онцгой анхаарал тавих шаардлагатай байна.

1. Ядуурлыг бууруулахад чиглэсэн өсөлт:

Эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд ядуу иргэдэд ажил эрхлэх боломжийг бүрдүүлэхэд түлхүү анхаарах, үүний зэрэгцээ, хувийн хэвшил үйл ажиллагаагаа өргөтгөх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.

2. Тэнцвэртэй хөгжил:

Монгол улс иргэдээ боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээ болон мэдээлэл хүртэх тэгш боломжоор хангаж чадахуйц бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ нь хот, хөдөөгийн хоорондох болон хотын төв доторх хөгжлийн ялгаатай байдлыг багасгахад тус дөхөм үзүүлнэ. Төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг зохистой харьцаанд барих замаар тэнцвэртэй хөгжилд Засгийн газар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжтой.

3. Төвлөрлийг сааруулах үйл явцыг бэхжүүлэх:

Төвлөрлийг сааруулах үйл явцын амжилт нь төр болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын түншлэлийн шинэлэг харилцаанаас ихээхэн хамаарна.

4. Хөгжлийн санхүүжилт:

Монгол улсын хувьд хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг бууруулахын тулд төсвийн орлогын бүрдүүлэлт, хуваарилалтыг өөрчлөн шинэчлэх, аймгийн түвшинд бус, илүү алсыг харсан төсвийн зарцуулалтыг бий болгох замаар бүсчилсэн, тэнцвэртэй хөгжилд хүрэх асуудалд анхаарах шаардлагатай.

No comments: